Сүүлийн хэдэн бичлэгүүд дандаа 30 насны тухай л байлаа. Явж явж өнөөдөр энэ настайгаа золгож байна даа. Амьдарлын түүхээ хүүрнэн өгүүлээд юүхэв. Харин хорвоод 9 сар тээж төрүүлсэн хайрт ижийгээ, өсгөж хүмүүжүүлсэн хатуужуулсан аавыгаан би эгшиглэн шүлэглэмээр л байна. Даанч миний авъяас хүрэхгүй юм.
... Намайг төрөхөд 1980 оны олимпод Оюунболд хэмээх залуу чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулаад удаагүй байсан цаг. Тухайн үедээ бол жинхэнэ бөх байсан даа. Намайг түүний нэрээр нэрлэж шийр хатааж, бөх болоосой гэж, оюунтай эрдэмтэй болд мэт хатаагдсан эр хүн болоосой гэж нэрийг минь ээж, аав минь чихэнд минь гурвантаа шивнээ бизээ.
Хожим би хувь заяаны тохиолоор 17 настайдаа би энэ агуу бөхтэй таарч түүний багшилдаг чөлөөт бөхийн секцэнд хэдэн сараар хичээллэж, шээсээ шахуулж, тамирчин хүний бэлтгэл гэдэг хүнд хэцүү бэрхийн зах зухаас бага ч атугай амсаж байсан удаатай. Дараа нь надад тэсвэр тэвчээр мөн ч их хэрэг болсон доо. Бие жижиг ч чөлөөт бөхөөр 10 дугаар анги төгсөтлөө хичээллэж дүүргүүдийн спорт хорооны хооронд болдог тэмцээнд хэд хэд зодоглоод авсан гэж байгаа. Болоогүй ээ хамгийн бага жинд 42 кг. Шавилхаан шар хүү чөрөг, чөрөг гээд явдаг байсан гэж байгаа.
Бонус: Ээж намайг багад их том эр болно гэж төсөөлдөг байх. Ямар ч эх хүн хүүгээ тэгж бодох нь мэдээж л дээ. 3 настайд "том болод өмсөг" гээд тухайн үеийн сумын хоршооноос норвеги тэшүүр 30-н төгрөгөөр 42 размерийнхийг авч өгсөнийг би одоо болтол өмсөөгүй. Томдоод тэр. Манай болкон дээр 20 -оод жил зэвэрч хэвтсэндээ хөөрхий. Саяхан хамаатны бацаанууд чарга болгоод модны доор хадаад эд бад хийсэн сураг гарна лээ. Эзнээ хүлээгээд хөгшрөө байлгүй.