Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-01-24
“МОНГОЛ УЛС ДАХЬ 2007 ОНЫ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Нэг. Архидан согтуурал: Манай орны нөхцөлд архидан согтуурах явдал гэмт хэрэг үүдэн гарах нэг шалтгаан нөхцөл хэвээр байна. Монголын хүнсчдийн холбооноос хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 69.5 хувь нь сард 2 удаа, 26.6 хувь нь сард 4 удаа, 3.8 хувь нь архи байнга, харин орон нутгийн оршин суугчдын 75.1 хувь нь сард 2 удаа, 21.7 хувь нь сард 4 удаа, 3.0 хувь нь байнга архи хэрэглэдэг гэсэн статистик гарчээ. Үнийн хувьд 3500 төгрөгөөс дээш үнэтэй архийг 38.4 хувь нь, 2000 төгрөгөөс доош үнэтэй архийг 24.2 хувь нь хэрэглэдэг байна.  Дэлхийн бөмбөрцөг дээр 7.0 тэрбум орчим хүн амьдарч буйн 2.0 тэрбум нь архи уудаг гэсэн тооцоо байдаг, Монголчууд энэ үзүүлэлтээр дээгүүрт орж байна. Манай улсын насанд хүрсэн нэг хүний архины хэрэглээ сүүлийн 3 жилд хурдацтай нэмэгдэж, өмнөх жилүүдийнхээс 43.2 хувиар өссөн байна. 2003 онд насанд хүрсэн хүний нэг жилийн архины дундаж хэрэглээ 7.8 литр байсан бол 2006 онд 9.2 литр болж өсчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын нийт хүн амын 13.6 хувь нь архинд донтох эмгэгтэй, эрэгтэйчүүдийн 39.0 хувь, эмэгтэйчүүдийн 5.0 хувь нь  архийг хэтрүүлэн хэрэглэдэг болохыг тогтоогоод байна. Согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэхийн хирээр хэрэглэгчид нь залуужиж, архинаас үүдэлтэй гэмт хэрэг, осол гэмтэл, хохирлын хэмжээ өсч, эцэг эх, гэр бүлийн гишүүдийн үлгэргүй байдал, архидан согтуурах явдал их байгаа нь гэмт хэрэг, зөрчил үүдэн гарах нэг шалтгаан болсоор байна.  2007 оны эхний 11 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн хэрэг манай улсад бүртгэгдсэн бүх хэргийн 23.0 хувийг эзэлж байна.Хүнийг санаатай алах хэргийн 60.6, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргийн 44.7, хүчиндэх хэргийн 55.0, булаах хэргийн 14.3, дээрэмдэх хэргийн 25.9, танхайрах хэргийн 61.1, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих хэргийн 19.6 хувь нь согтуугаар үйлдэгджээ.

 

   Мөн хугацаанд амиа хорлох болон золгүй байдлаар 1584 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 12.1 хувиар өсч, 1319 буюу 83.3 хувийг золгүй байдлаар, 265 буюу 16.7 хувийг амиа хорлох тохиолдол эзэлж байна. Хоногт дунджаар 5 хүн амиа хорлох  болон золгүй байдлаар нас барж байна. Амиа хорлох болон золгүйгээр нас барсан хүмүүсийн 6.6 хувь нь насанд хүрээгүй, 11.1 хувь нь эмэгтэй, 14.7 хувь нь архидан согтуурсны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон,  золгүй байдлаар нас барагсадын 12.3 хувь нь архинд гүн хордсон байна.        

           

 2006 оны байдлаар манай улсад спиртийн 35, архины 113, пивоны 22 үйлдвэр, ресторан зоогийн газар 758, баар цэнгээний газар 1458, согтууруулах ундаа худалдаалдаг хүнсний дэлгүүр 5903, бөөний цэг 293 ажиллаж байна.Спирт 4232.1 мянган литр үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 1.5 дахин, архи 8365.9 мянган литр үйлдвэрлэсэн нь 6.5 хувь, пиво 9067.3 мянган литр үйлдвэрлэсэн нь 1.9 дахин өссөн байна.Согтууруулах ундааний импортын хэмжээ 10727.7 мянган литр байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.4 дахин, үүнээс 10017.0 мянган литр пиво импортлосон нь 1.4 дахин өссөн байна.Эх орны үйлдвэрийн болон импортын архи, дарс, шар айргийг хэрэглэхээс гадна шимийн архи, зориулалтын бус спиртээр найруулсан “найрка” ихээхэн хэмжээтэй байгаа нь нууц биш бөгөөд нийгэм архи, архидалтын байдалд дассан байна.  Үйлдвэрлэлийн хэмжээ их байгаа болохоор борлуулалт, эрэлт хэрэгцээ нь даган өсч, баар цэнгээний газар, дэлгүүрийн ашиг олох ганц бүтээгдэхүүн нь согтууруулах ундаа болжээ. Архидалтын хор хөнөөлийг бууруулахад гурван чиглэлээр ажиллавал зохих үр дүнд хүрнэ гэж үзэж байна. нэгдүгээрт: архины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд төрөөс тавих хяналтыг сайжруулах, хоёрдугаарт: архидалтын хор хөнөөлийг бууруулах талаар соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах, гуравдугаарт: архины эмчилгээг зөв зохистой, жинхэнэ эмчилгээний үйлчилгээ рүү ойртуулах, архинаас хамааралтай буюу архинд донтох өвчтэй болсон хүмүүсийг эмчлэх тал дээр анхаарал тавих ёстой. Спирт, архи зарж амьдралаа залгуулдаг хүмүүсийг амьжиргааны өөр эх үүсвэртэй холбож өгмөөр байна. Төвлөрсөн суурин газарт хэн дуртай нь “найрка”-г янз бүрээр савалж мөнгө олж байгаа нь нууц биш бид мэддэг ч таслан зогсоож чадахгүй  байна. Сүүлийн үед хүүхэд, эмэгтэйчүүд архидан согтуурах явдал ч нэмэгдэж байна.   Улсын хэмжээнд архинд донтох өвчтэй 15 мянган хүн байна. Харин дэлхий дээр ганцхан манайд л эрүүлжүүлэх нь цагдаагийн байгууллагад  үлджээ. Архи уусан хүнийг эрүүлжүүлнэ гэдэг хүний эрх, эрх чөлөөнд халдаж буй бүдүүлэг ажиллагаа.

 

         Архинд хордох нь эрүүл мэндийн асуудал, харин архи уусан хүн гэмт хэрэг зөрчил гаргавал цагдаагийн байгууллагын ажил. Жилд дундажаар 130 орчим хүн эрүүлжигдэж байгаа атлаа нэг ч хүн архины эмчилгээ, оношлогоонд орж чадахгүй үргэлжлүүлэн архиа уусаар, цагдаагийн байгууллага эрүүлжүүлсээр, ийм л үр дүн багатай гинжин холбоо харагдаж байна. Манай улсад эрүүлжүүлэхийг цагдаагийн гаргаж Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна.

 Хоёр. Ажилгүйдэл: 2007 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 16187 хүн холбогдон шалгагдсаны 10.7 хувь нь эмэгтэй, 8.1 хувь нь хүүхэд, үүнээс 6.7 хувийг оюутан, сурагч, 0.6 хувийг сургууль завсардсан хүүхэд, 0.5 хувийг тэнэмэл, 61.0 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлж байна.

  Хүнийг санаатай алах хэрэгт холбогдогсдын 74.8, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэгт холбогдогсдын 58.7, хүчиндэх хэрэгт холбогдогсдын 61.4, хулгайлах хэрэгт холбогдогсдын 62.6, үүний мал хулгайлах хэрэгт холбогдогсдын 52.3, авто тээврийн хэрэгсэл хулгайлах хэрэгт холбогдогсдын 67.4, булаах хэрэгт холбогдогсдын 73.9, дээрэмдэх хэрэгт холбогдогсдын 67.4, залилан мэхэлж авах хэрэгт холбогдогсдын 72.6, танхайрах хэрэгт холбогдогсдын 64.5 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

 

Үндэсний статистикийн газрын 2007 оны эхний 11 сарын “Статистикийн бюллетень”-д тэмдэглэснээр улсын хэмжээнд 32058 тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс бүртгэгдсэн, үүний 18394 нь эмэгтэй, 11025 нь 25-34 насны, нийгэмд байр сууриа бэхжүүлэх, хөдөлмөрийн үр шимийг хүртэх насны хүмүүс байна. Тодорхой эрхэлсэн ажилгүйн улмаас архи уун согтуурч гэмт хэргийн замд гулсан орж байгаа эдгээр баримт нь манай улсад байгаа бодит дүр төрх, цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагын ажлыг байнга хүндрүүлдэг нэг хүчин зүйл болж байна.

 

Гурав. Ядуурал:  Төр засгийн зүгээс ядуурлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа боловч ядуурлын талаар хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 32.2 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдарч байна гэсэн мэдээтэй байна. Төвлөрсөн суурин газарт 6 хүний нэг нь ажилгүй, улсын хэмжээнд ядуу амьдралтай 10 хүний нэг нь ажилгүй байна.  Архидалт, ажилгүйдэл, ядуурал гурав хүйн холбоотой гэж үздэг. Ажилгүйдэл их байгаа газар архидалт их байдаг байна.

          Дөрөв. Уламжлалт зан заншил: Монголчуудын уламжлалт заншил их эвдэрч байна. Нийгмийн ёс суртахуун гэдэг ойлголт устаж байна. Иргэд эрх чөлөөтэй гээд дураар авирлаж буй боловч үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байна. Улс даяар амар амгаланг бий болгоё гэвэл хүн бүр өөрийн сэтгэл санаанд болон гэр бүл, орчин тойрондоо амар тайван байдал бий болгох ёстой. Ийм орчинд гэмт хэрэг битгий хэл хэв журам зөрчигдөхгүй тайван орчин үүснэ. Иргэний ухамсарыг дээшлүүлэх талаар олон талт ажил зохион байгуулах шаардлагатай болж.   Өөрийн эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг, энэ нь хууль тогтоомжоор зохицуулагддаг гэдгийг бидний олонх нь үл ойшоох хандлага бий болжээ. 

Тав. Хүн амын нягтрал: 2006 онд 10.0 мянган хүнд ноогдох гэмт хэрэг өмнөх оноос Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Хэнтий аймгуудад 6-44-өөр өсч, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудад 1-33-аар буурав.   10.0 мянган хүнд ноогдох гэмт хэрэг 2005 онд 101 байсан бол 2006 онд 103 болж байна.    Нийслэл хотын хүн амын нягтралыг харгалзан гэмт хэргийн нөхцөл байдалд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар зарим асуудлыг онцолж хэлмээр байна.

             - 2006 оны эцэст манай улсын хүн ам 2.5 сая, 2007 оны 5 дугаар сард Улаанбаатар хот нэг сая хүнтэй хотоор бүртгэгдэж, хоногт дундажаар 100-200 мянган хүн орж, гарч байна.

             - Манай орны нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв учраас төрийн болон төрийн бус байгууллагуудын шугамаар зохион байгуулагдаж байгаа уулзалт, семинар, зөвлөгөөн, спорт, урлагийн бүхий л арга хэмжээ нийслэлд болж байна.

 

            - 2006 онд Улаанбаатар хотод 10.0 мянган хүнд ноогдох гэмт хэрэг 122 байсан нь харьцангуй өндөр үзүүлэлтэд тооцогдож, бүх гэмт хэргийн 49.4 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.

             - Хүн амын нягтрал, төвлөрөлийг үндэслэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр нийслэлийн дүүргүүдийн зарим ОСГ-ны хороодыг задалж шинээр 11 хороог байгуулж ОСГ-ны хороодын тоо 132 болж нэмэгдүүлжээ.

              - Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 28631, мөн дүүргийн 5 дугаар хороо 22816, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 18690 хүнтэй байгаа нь Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар зэрэг аймгийн төвийн болон хүн амын төвлөрөл ихтэй Зүүнхараа, Хархорин сумдын хүн амын тоотой ойролцоо түвшинд байна.

             - Үндэсний статистикийн газрын 2006 оны жилийн эцсийн мэдээгээр улсын хэмжээнд шинээр бүртгүүлсэн 60171 ажилгүй хүн байгаагийн 41.9 хувь нь нийслэлд амьдарч байна.

             - Улсын хэмжээнд 141.5 мянган авто тээврийн хэрэгсэл тоологдсоны 52.2 хувь нь зөвхөн нийслэлд ноогдож байна.

             - Ерөнхий боловсролын 742 сургуулийн 27.0 хувь нь, ерөнхий боловсролын сургуульд суралцагч 542.5 мянган хүүхдийн 34.1 хувь нь нийслэлд байна.

             - 2006-2007 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 142.4 мянган оюутан суралцаж байгаагийн 80 орчим хувь нь нийслэлд төвлөрч байна.

             - Дэлхийн том хотуудын жишиг, хот төлөвлөлтийн бодлогоор нийслэл хүрээгээ тэлж, 100.0 мянгаас дээш хүн амтай хорооллууд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр байгуулагдах ажил эхэлж байна.

            - Улаанбаатар хот дахь төрөлжсөн зах, бөөний худалдааны төв, тоглоомын газрууд, зочид буудал, ресторан, баар, авто засварын газрууд өргөжихийн хирээр тодорхой төрлийн гэмт хэрэг үүдэн гарах таатай нөхцөл бүрэлдэж, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлийг хялбар борлуулах, өнгө зүс, хэлбэр, маркийг хувиргах бололцоо бий болжээ.

             - Гадаадын иргэд олон шугамаар манай улсад ирж, тэдний дийлэнх нь нийслэлд түр болон байнга оршин суухын зэрэгцээ хууль журмын дагуу болон хууль бусаар суралцаж, ажил хөдөлмөр эрхэлж байна.   Нийслэл хотын онцлог, хөгжлийн хандлагатай уялдуулан нийслэл хотын  хот төлөвлөлтийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай болж байна.   хөндөж дэвшүүлэх асуудал бол нийслэлийн төвийн 6 дүүргийг задалж, шинээр дүүрэг эмхлэн байгуулах цаг нь болсон гэж үзэж байна.    

          

Зургаа. Хүн амын шилжилт хөдөлгөөн: Төр засгийн анхаарлыг хандуулах өөр нэг асуудал бол манай улсын хүн амын шилжилт хөдөлгөөнийг журамлах явдал юм.  Үндсэн хуульд зааснаар манай улсын иргэд ажиллаж, амьдрах газраа сонгох эрхтэй, шилжилт хөдөлгөөний асуудал нь тухайн улсын хүн амын төрийн ажлын зохион байгуулалт, төрөөс иргэдэд үйлчлэх, үйлчилгээг оновчтой зохион байгуулахад чиглэгдэх учиртай.   Энэ асуудлыг зөнд нь орхисноос хамгийн наад зах нь ардчилсан улс оронд явагддаг чөлөөт сонгуулийн хууль, журмыг доголдуулж байгаагаас гадна цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээл, хүндрэл учруулж байна.

 

         1990 оноос өмнө Иргэний бүртгэл, мэдээллийн алба цагдаагийн байгууллагад байхад ийм хүндрэл, бэрхшээл байгаагүй юм. Нийслэл хот, түүний дүүргийн орон сууц, гудамжны хороодыг маш яаралтай хаягжуулах, хот төлөвлөлтийн бодлогоор цэгцлэх шаардлагатай байна. Ингэхгүйгээр цагдаа бүрэн, төрийн бусад байгууллагууд иргэндээ хүрч ажиллах боломж хязгаарлагдаж, үйлчилгээ хүргэх боломж хомсдож байна. Хот төлөвлөлтийн бодлого нь цагдаагийн ажил, үйлчилгээг иргэдэд хүргэх, татвар төлөгч нараас цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, цагдаагийн ажлын шуурхай байдлыг хангахад зайлшгүй нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна.   Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс манай улсын иргэдийн хаягийн нэгдсэн ангилал хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлууд хийгджээ.  Тус төвийн хүн амын мэдээллийн санд байгаа иргэдийн хаягийг эмх цэгцтэй болгон нэгдсэн ангиллыг / сум, багийн нэр, дугаар, нийслэлд дүүрэг, хороодод тусгайлан код өгнө / боловсруулсаны үндсэн дээр хаягийн судалгаа гаргах буюу компьютерт боловсруулалт хийхэд ашиглагдах юм байна.    Одоогийн байдлаар аймаг, сум, дүүрэг, хороодоос хаягийн ангиллын судалгааг авч дууссан бөгөөд түүнийг компьютерт оруулах ажил хийгдэж байна.

           

Долоо. Гэрэлтүүлэг:  Нутгийн захиргааны байгууллагууд, төвлөрсөн суурин газрын орон сууц, гудамжны хороодын гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгох нь иргэдийн амгалан тайван аж төрөх, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нэн тэргүүний асуудал болж байна.      Төвлөрсөн суурин газрын алслагдсан ОСГ-ны хороодын иргэд гэрэлтүүлэггүйгээс айдас, түгшүүрийн дунд аж төрж байна. Нийтийн тээврээс буугаад харих замд гэмт халдлагад өртөх магадлал өндөр, үүнийг нь гэмт этгээдүүд ашиглаж хүчирхийлэх, эрх чөлөөнд нь халдах, эд зүйлийг нь булаах, дээрэмдэх явдал байнга гарч цагдаагийн дуудлагыг нэмэгдүүлж байна.  Гэрэлтүүлэгтэй орчинд орой шөнийн цагаар танхайн сэдэлттэй, хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд төдийлөн гараад байдаггүйг иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүн, гэмт хэргийн статистик баримтууд давхар нотолж байна.  2007 оны эхний 11 сарын байдлаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс  23.3 хувиар өссөн байна.

/ЦЕГ-ын МДШТ-ийн тайлан/

Сэтгэгдэл:


гоё мэдээлэл байна баяарлалаа
Бичсэн: Зочин цаг: 11:43, 2011-02-16 | Холбоос | |


нуугдаж байгааг нь мэдэж авий дэхүү
Бичсэн: хундага цаг: 15:39, 2008-01-24 | Холбоос | |


ok
Шаардлагатаой бол нуугдмал гэмт хэргийн талаар мэдээлэл хийнээ
Бичсэн: Обдоо цаг: 14:38, 2008-01-24 | Холбоос | |


байх л даа
Монгол улсын Эрүүгийн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн зүйл заалт их хамаатай л даа. Шоронгууд одоо дүүрч байна шүү дээ. Нөгөө талаар НУУГдМАЛ ГЭМТ ЯвдАЛ НААНА ЧИНь БАГТААГҮЙ БАЙХ АА
Бичсэн: dadido цаг: 14:30, 2008-01-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax