2006 онд 11262 осол, хэргийн дуудлага хүлээн авч байсан бол 2007 оны эхний 11 сарын байдлаар 12698 осол, хэргийн дуудлага хүлээн аваад байгааг харьцуулвал 12,8 хувиар өссөн дүнтэй байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын улмаас жилд дунджаар 354 хүн нас барж, 1060 хүн хүнд хөнгөн гэмтэж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл өдөрт 1 хүн нас барж, 3 хүн хүнд, хөнгөн гэмтэж, иргэд байгууллагад 2,0 сая төгрөгний хохирол учирч байна.
Олон улсын авто замын байгууллага дэлхийн 180 орноос гаргасан судалгаагаар Монгол улс 100 мянган хүнд ногдох зам тээврийн ослын улмаас нас баралт эхний 16-д буюу 48.6 хувь, 100 мянган тээврийн хэрэгсэлд ногдох нас баралт 7 дахин их байгаа нь анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.Дээрхи судалгаагаар 1000 хүнд ногдох тээврийн хэрэгслээр сүүлээсээ 23 дугаарт бичигдэж байна.
Өнөөдөр практикт гарч буй зам тээврийн хэрэг ослын гол буруутнаар тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч нарыг авч үзэж байна. Гэтэл замын нөхцлөөс шалтгаалан хэрэг, осол маш ихээр үйлдэгдэж байгаа боловч зөвхөн жолооч, явган зорчигчийг буруутгаж байна
Нийт тээврийн хэрэгслийн 74.9 хувь буюу 150 гаруй мянга нь нийслэл хотын хөдөлгөөнд өдөр бүр оролцож байна. 2006 оны байдлаар тээврийн хэрэгслийн өсөлт нь өмнөх оныхоос 7.7 % байсан бол
2007 оны байдлаар өмнөх онтой нь харьцуулахад 13.0 % -иар өссөн ба үүнээс суудлын автомашин 55.0 % буюу 110.1 мянга, ачааны автомашин 16.8 % буюу 33.6 мянга болсон.
Манай улсад ашиглагдаж буй автомашинуудын дийлэнх нь тухайн улс орондоо тодорхой хэмжээгээр ашиглагдсан, замын хөдөлгөөнд оролцох шаардлага хангахгүй болж хуучирсан, утаа их хаядаг, шатах тослох материалын зарцуулалт нь ихэссэн автомашинуудыг импортоор оруулж, автомашинжих явц чанаргүйжин хүний амь нас, эрүүл мэнд,эд хөрөнгөд хохирол учруулах, ая тухтай амьдрах нөхцөл, хүрээлэн буй байгаль орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна.
Одоо ажиллаж байгаа гэрлэн дохионууд байнга эвдэрсэнээс уулзвар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж, шүргэлцэн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол гарч хүний амь нас, эрүүл мэнд,эд хөрөнгөд хохирол учруулах, түгжрэл саатал үүсч иргэдийг ихээхэн бухимдуулах байдал гарсаар байгаа нь хэрэг, осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байна.
Улаанбаатар хотод 50 уулзварын хөдөлгөөн гэрэл дохиогоор зохицуулагддагаас 50,0 хувь нь 1980-аад онд хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдсэн гэрэл дохионууд юм.
Эдгээр нь өнөөдөр үйлдвэрлэлээс хасагдсан сэлбэг хэрэгсэл нь олдохгүй болсон, байнга эвдэрч гэмтэж одоогийн хөдөлгөөн зохицуулах шаардлагыг хангахгүй болсон. 2000-2003 онд 28 уулзварт гэрлэн дохио тавигдаж байсан бол сүүлийн 4 жилд (2004-2007 онд) ердөө 7 уулзварт шинээр гэрлэн дохио тавигдсан.
Замын цагдаагийн байцаагч, зохицуулагч нар өдөрт 8-12 цагийн хугацаанд гэрлэн дохионы үүрэг гүйцэтгэж ажиллаж байна
Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн нэг буудалд 5-20 чиглэл давхцаж байгаагаас буудалдаа багтахгүй болох, давхарлан зогсох, зарим зогсоол нь орж зогсох зориулалтын “карма”-гүй, диспетчирын хяналт хангалтгүйгээс тээврийн хэрэгслүүд мөнгө олохын тулд хүн тээвэрлэсэн үедээ хоорондоо хурд хэтрүүлэн уралдах гэх мэт хууль дүрэм зөрчих байдал гарч байгаа нь хэрэг, осол үйлдэгдэхэд нөлөөлж байгаа бөгөөд нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтийг үндсээр нь шинэчлэн зохион байгуулах нь тулгамдсан асуудал болоод байна.
бичлэг